2012/01/04

Ерөөл өргөе

Энэ блогтоо салхи оруулалгүй удаж дээ.
Шинээр учран золгосон он бидэнд айл гэрийн аз жаргал, эрүүл энх, ажил үйлсийн амжилт бүтээл ихийг авчрах болтугай! Он жилүүдийн алсад алдралгүйхэн, бие биенээ хайрлан, өөрийнхөө төлөө, Монгол улсынхаа төлөө ихийг хийж бүтээхийн төлөө...

Хүндэтгэсэн
Долгоржав Чинбат

Улаанбаатар, Монгол улс

2009/03/08

Л.Буянжаргалд

Хамгаас эрхэм хүмүүсийн минь нэг болсон хайрт найз чамдаа давхар баярын мэнд хүргэе! Ойр дотны хүний тоо нэмэгдээд л байх бололтой. Яагаад ингэж бодсон гэхээр... Хөрш Египет охин бас энэ өдөр төрсөн юм байна. Чиний тухай хэлсэн чинь чамд мэнд хүргээрэй гэсэн шүү.

2009/01/23

Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь

М.Тулгат
Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

2009/01/16

Т.Түмэн-Өлзийд

За хүн байх гэдэг чинь ийм учиртай гэж байгаа...

гэсэн, хэхэ. Би тэгж хэлэх гээгүй байна, миний хэлэх зүйл энэнээс шал ондоо.

Найз минь, өнөөдөр чиний төрсөн өдөр. Бид баярлаад төрсөн өдөр хийдэг ч нэгэн насыг нэмээд ухаанаа л тэлж байгаа байх. Түүнээс биш яг үнэндээ энэ хорвоо дээр элээх насыг минь авч одоод л байгааг бодоод найз минь амжаагүй зүйлсээсээ хэдийг ч гэсэн амжуулахыг бодоорой. Тэгж л хүсье дээ хамгийн түрүүнд.

Чи минь ухаантай шүү. Сая сүүлд Монголд байхад чинь ярилцаж байхдаа улам бүр мэдэрсэн, чи үнэхээр ухаантай, сэтгэл сайтай сайн найз минь. Бас дээр нь нэмж хэлэхэд чи бол сэтгэлийн хаттай, юмыг өөрчлөхийг, өөрөөр харахыг хүсдэг. Энэ зан чинь надад ямар их таалагддаг гээч. Бүгдийг нь нэг үгээр хэлбэл чи хүчтэй хүн. Амьдрах хүчтэй.

Ирээдүйд учрах сайхан, муухай бүхнийг хамтдаа давна аа. Чиний найзаа гэсэн сэтгэлд чинь дандаа гал байдаг юм чинь бидний нөхөрлөл ямар ч бороотой, цастай байсан гал алдахгүй нь лав. Итгэлтэй байна.

Долгоржав.Ч
Чангша, Хунан, Хятад улс

2009 дүгээр оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, 01:10 цаг
(Өнөөдөр Өлзийгийн төрсөн өдөр. "Сэтгэлээ илчлэв" ;)) )

2008/12/31

2009

Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгаран ногоон гацуурыг
Өөдөө мишээх олны баяслыг
Өмнөөс ирэх амжилтын жилийг
Алгаа тосоод аваарай
Алдахаасаа өмнө өөртөө үлдээгээрэй
Золгон ирж байгаа 2009 онд
Зорьсон бүхэндээ заавал хүрээрэй


----------------------------------------


Шинэ оны мэнд..


新年快乐...


bonne année...


あけましておめでとう....


새해 복 많이 받으세요...


с новым годом...


Happy new year.......

2008/12/19

Л.Мөнхтуяад

Тийм ээ. Нөхөрлөл гэдэг эрхэм үгийн үнэ цэнийг мэдрүүлдэг хүмүүсийн нэг бол та. Юунд ч бууж өгөхгүй тэмцдэг, бусдад сэтгэл гаргаж чаддаг таны зан чанарт би дуртай. Бүр хайртай гээч.
Намайг ядаж, ядарч явахад өргөөд босгох, болохгүй бол татаж сэрээгээд, ухаартал сануулаад өгөх хүн мөн гэдэгт тань итгэлтэй байдаг. Яг сая хэлсэн шиг ухаарал бэлэглэсэн олон өдрүүдийг би одоо ч санаж байна, цаашид ч санаж л явах болно.
Амьдрал урт. Бас баян. Бидний одоог хүртэл амьдрахдаа амсаагүй жаргалтай дэндүү сайхан өдөр хоногууд өмнө минь хүлээж, бас хамгийн хар өдрүүд ч тэнд байж л байгаа. Тэр бүхэнд хамт байж, хатууг нь даван туулах хүчээр нэгнээ сэлбэсээр л байх болно.
Инээд баясалтай өдөр олон ирээсэй гэж залбиръя.

Долгоржав.Ч
Чангша, Хунан, Хятад улс

2008 дугаар оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 00:10 цаг
(Өнөөдөр Мөөгийгийн төрсөн өдөр. Бас л зүгээр энгийн захиа бичлээ)

2008/12/08

Т.Гантуулд

Найз гэдэг нээрээ чухал шүү хүний амьдралд. Тэдэнгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй ээ.

Дэм дэмэндээ явахаар бурхан надад заяасан найз минь? Дэм дэмэндээ ч гэж чиний л дэмжлэгийг би илүүтэй авдаг шүү. Нэг их тийм... нөмөртэй хүн гэх үү дээ чи найзын хувьд. Өнөөдөр бодож байлаа. Бас л чамаас хэдийгээр мөн чанар дээрээ асууж байгаа мэт боловч асуулгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр бараг шийдчихсэн ч байх шиг. Чухамдаа бол чамд итгээд, эрхлээд л байгаа нь тэр бололтой. Дараа нь тэгж бодоод сонин санагдсан. Хэзээ ч өөр хэн нэгэнд хандахдаа ийм итгэлтэй байдаггүй байх аа. Ядаж л тийм хүн нэг гарын хуруунаас ч цөөн.

Надад,найздаа гаргадаг шиг нөмрөө яг тэр чинь л хэрэгтэй байгаа хүмүүст нь хүргэхийг хичээгээрэй найз минь. Хожмын өдөр нөмөр нөөлгөө өгөх цаг ирнэ гэж найддаг.

Санаж байна уу? Бид хөгшрөхөөрөө хэн нэгнийгээ яаж байгааг зөвхөн сургаар сонсоод л байрны гадаа суудаг хөгшин болно ш дээ? гээд л ярьдаг байснаа. Тийм цаг ирсэн ч сураг ажиг тавьж л байх сэтгэлд чинь итгэдэг шүү. Найздаа хайртай. Биеэ бодоорой. Чи ч хэт их олон хүнийг л бодож байгаа шүү

Долгоржав.Ч.
Чангша, Хунан, Хятад.

2008 оны 12 сарын 08; 01AM
(Өнөөдөр Туулын төрсөн өдөр. Жижүүрийн хэдэн үгнээс оруулмааргүй санагдаад... зүгээр л энгийн захиа бичлээ)

2008/11/09

ЭХЛЭЛ

За ингээд нэгэн шинэ ертөнцийг эхлүүллээ. Шинэ ертөнц биш ээ, байгаагаа өөрчлөх шийдвэр гаргасан болоод л... Өөрийнхөө ертөнцийг өөрчилье гэж бодсон хэрэг. Мэдээж би хэвээрээ байх хэдий ч өөрийнхөө ертөнцийг өөрөөр харахыг хүссэн гэсэн үг. Бага ангид байхад Унших бичиг-3 гэдэг ном дээр байх аа, Шинэ Долгор гээд 1 өгүүллэг байдаг ш дээ, түүн шиг... хэхэ. Ингэхдээ ертөнцөө гэлгүйгээр ертөнцийг гэдэг үг сонгочихлоо.

Амьдрал сайхааан, бүр бидний бодож төсөөлдөгөөс ч илүү гайхалтай сайхан.